ИКЛЭЙ 2024 онд Бээжинд зохиогдох Хот суурин газрын цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээний олон улсын чуулганыг дэмжиж байна

2024 оны 9-р сарын 14, 15-нд Хятад улсын Бээжин хотод Хот суурин газрын цэвэр агаар, уур амьсгалын олон улсын чуулган амжилттай явагдлаа.
“Технологийн инновацаар дамжуулан цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг удирдана” гэсэн сэдвийн дор явагдсан энэхүү чуулган нь агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд олон улсын метрополис хотуудын хооронд яриа хэлэлцээр өрнүүлэх, шилдэг туршлагаа хуваалцахад чухал үүрэг гүйцэтгэв.
Чуулганыг дэмжиж, хамтрагч байгууллагынхаа хувьд ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан албанаас ИКЛЭЙ-н Дэлхий дахины асуудал хариуцсан алба, ИКЛЭЙ-н АНУ дахь төлөөлөгчийн газар, Монгол улсын Улаанбаатар хот, Финлянд улсын Турку хот, Их Британийн Глазго хот, Уур амьсгал, Цэвэр агаар эвсэл (CCAC), мөн Германы Эрчим хүчний агентлагийн төлөөлөгчдийг үнэ цэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцана уу хэмээн урьсан юм. ИКЛЭЙ нь Ногоон Бээжин стратегийг хэрэгжүүлэх, Хятадын нийслэл хотын өндөр хөгжлийг дэмжих зорилгоор бусад хотуудаас шаардлагатай мэдлэг туршлагыг идэвхийлэн эрэлхийлж, хичээнгүйлэн ажиллаж байна.
2024 оны Бээжинд зохиогдсон Хот суурин газрын цэвэр агаар, уур амьсгалын олон улсын чуулганы зочид төлөөлөгчдийн хамтдаа авахуулсан зураг
ИКЛЭЙ-н Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Жино Ван Бегин “Орон нутгийн үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн тогтвортой хөгжилд хүрэх нь” гэсэн сэдвээр “Чухал сэдэв ба Үзэл бодол” гэсэн гарчигтай чуулганы нээлтийн хуралдаанд илтгэл тавьлаа. Тэрээр дэлхий даяар тохиолдож буй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байгаа энэ цаг үед дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө авч буй арга хэмжээнд тэсвэртэй хөгжлийг нэн даруй нэгтгэх шаардлагатай байгааг онцолсон юм.
“Бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг нэн тэргүүнд хэрэгжүүлэн ажиллаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон янзын арга хэмжээг хот төлөвлөлт, хотын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ёстой” гэж Ван Бегин дурдаад, дахин ашиглах боломжтой, дахин боловсруулах боломжтой, нөхөн сэргээгдэх, хог хаягдалгүй нөөц ашиглах замаар хотын хөгжлийн системийг бий болгож, орон нутгийн эдийн засгийг дэмжих боломж бүхий хот, суурин газрын тогтвортой хөгжлийн төлөө зорихыг уриалав.
Түүнээс гадна Ван Бегин дэлхийн эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, биологийн олон янз байдал, нөөцийн тэгш хуваарилалтыг дэмжихэд ИКЛЭЙ-ийн гүйцэтгэх үүрэг ихээхэн чухал гэдгийг тодотгож өгсөн юм. Тэрээр мөн тэсвэрлэн сэргэх чадвар бүхий хөгжлийг дэмжих, амьдрахад тохиромжтой хотуудыг бий болгох зорилгоор хот төлөвлөлтөд тогтвортой хөгжлийн зарчмуудыг нэгтгэж өгөхөд оролцогч талууд бүгд хамтран ажиллахыг уриаллаа.
ИКЛЭЙ-н Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Жино Ван Бегин дэлхийн хот суурин газрын хөгжлийн чиг хандлага, төлөвийн талаар үзэл бодлоо хуваалцаж байна
ИКЛЭЙ-н АНУ дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ахлах ажилтан Мэтью Кац “Судалгаа ба хэрэглээ” сэдэвт үндсэн илтгэлдээ АНУ-ын орон нутгийн засаг захиргааны уур амьсгалын эсрэг арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулахад ИКЛЭЙ болон ClimateView байгууллагууд үр дүнтэй хамтран ажиллаж буй талаар онцолсон юм. Энэхүү түншлэлээр дамжуулан ИКЛЭЙ-н ClearPath програмыг Google-ийн Environmental Insights Explorer (EIE) технологитой нэгтгэж, хорт хийн ялгаруулалт болон ашиглах боломжит нарны эрчим хүчний өгөгдөл, мэдээллээр орон нутгийн засаг захиргаадыг хангаж байна. Вашингтоны Олимпия, Флоридагийн Форт Лодердейл зэрэг хотууд нүүрсхүчлийн хийн тэг болон цэвэр тэг ялгаруулалтын зорилтод хүрэх стратеги боловсруулахдаа EIE технологийг ашиглаж байна. Энэхүү шинэлэг санаачилгын үр дүнд хотын тогтвортой хөгжлийг шинжлэх ухаанд үндэслэн бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах боломж бүрдэж байгаа юм.
ИКЛЭЙ-н АНУ дахь төлөөлөгчийн газраас орон нутгийн засаг захиргааны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг дэмжихдээ EIE-тэй хамтран ажиллаж байна
Глазго хотын Стратклайд их сургуулийн доктор Сандип Кодоли “Глазго хотын дотоод, гадаад орчны хяналт” төслөө танилцуулсан. Уг төсөлд агаарын чанарыг хянах зорилгоор хүлэмжийн хийг загварчлахдаа өндөр нягтралтай мэдрэгч төхөөрөмжүүдийг ашигладаг. Глазго хот 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн цэвэр тэг ялгаруулалтад хүрэх зорилт тавьсан бөгөөд энэхүү төслийн зорилго нь тус хотын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэв шинжийг тодорхойлохдоо дэвшилтэт загварчлалын аргуудыг ашиглаж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад шинжлэх ухааны аргачлал нэвтрүүлэхэд оршино. Түүнээс гадна, төслийн хүрээнд орон нутгийн олон нийтийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тухайн орон нутагт ач холбогдол бүхий олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг.
“Глазго хотын дотоод, гадаад орчны хяналт” төслийн баг мэдээллээ хуваалцаж байна
Финландын Турку хотын Уур амьсгалын асуудал хариуцсан захирал Ристо Вейво “Үйл ажиллагаа ба үзүүлэн” хуралдаанд үг хэлэхдээ тус хотын сүүлийн 15 жилд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар гаргасан ахиц дэвшлийг онцлов. Турку хот 2029 он гэхэд нүүрсхүчлийн хийн саармаг түвшинд хүрэх үүрэг амлалт хүлээж, уур амьсгалын асуудлыг шийдвэрлэх, тогтвортой нөөцийн хэрэглээг дэмжих, биологийн олон янз байдлыг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллах томоохон зорилт дэвшүүлээд байна. Тус хотын зүгээс уур амьсгалын бодлого, зохицуулалтаа эрчим хүч, тээврийн асуудалд төвлөрүүлэн ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн бизнесийн болон залуучуудын байгууллагуудын дэмжлэгийг олж авахын зэрэгцээ олон нийтийн оролцоо, тогтвортой амьдралын хэв маягийг дэмжихэд анхаарч байна. 1990 оноос хойш Турку хот хүлэмжийн хийн ялгаруулалтыг 63%-иар бууруулж, 2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд ойролцоогоор 3 тэрбум еврог зарцуулахаар төсөвлөсөн. Тус хот нь 2020 онд уур амьсгалын асуудалд анхаарч байгаа Европын хамгийн шилдэг дунд хэмжээний хотоор шалгарсан.
Финландын Турку хотын Уур амьсгалын асуудал хариуцсан захирал Ристо Вейво 2029 он гэхэд нүүрсхүчлийн хийн саармаг түвшинд хүрэх зорилтоо хуваалцаж байна
ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан албаны захирал, Хятад улсын гол төлөөлөгч ноён Жү Шү “Нүүрсхүчлийн хийн зах зээл ба хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь” сэдвээр дугуй ширээний хэлэлцүүлэг удирдан явуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт Уур амьсгалын өөрчлөлтийн стратеги, олон улсын хамтын ажиллагааны үндэсний төв, Бээжин хотын экологи, байгаль орчны товчоо, Хятад улсын Бээжин хотын ногоон бирж, Байгаль орчныг хамгаалах сан, Калифорнийн их сургуулийн төлөөлөгчид оролцож, нүүрсхүчлийн хийн зах зээлийн бүтээн байгуулалт, хүлэмжийн хийн менежментийн талаар туршлагаа хуваалцсан болно.
ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан албаны захирал, Хятад улсын гол төлөөлөгч Жү Шү дугуй ширээний хэлэлцүүлэг удирдан явуулж байнаn
“Инновацаар дамжуулан агаарын чанарыг сайжруулах нь” гэсэн сэдэвт зэрэгцээ чуулганд оролцогчид инновацын шийдлээр дамжуулан халаалтын системийн бохирдол болон нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах асуудлаар хэлэлцсэн. Копенгаген, Улаанбаатар хотын төлөөлөгчид, “Бүс ба зам” Ногоон хөгжлийн олон улсын эвслийн гишүүд, засгийн газрын холбогдох хэлтэс, агентлагуудын төлөөлөгчид үр бүтээлтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаярыг төлөөлөн Улаанбаатар хотын Бизнес, инновацын газрын дарга Б.Билгүүн нийслэлийн халаалтын системийн бэрхшээл, шийдлүүдийг танилцуулсан. Ийнхүү санал бодол, туршлагаа солилцох нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдгээрээ алдартай Улаанбаатар хотын халаалтын системд учирдаг өвөрмөц бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд нэн тустай юм.
Улаанбаатар хотын Бизнес, инновацын газрын дарга Б.Билгүүн
“Хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авсан жишээнүүд” дэд чуулганд Германы Эрчим хүчний агентлагийн Олон улсын барилгын хэлтсийн захирал Тило Кунц тус агентлагаас хэрэгжүүлсэн үр нөлөө бүхий санаачилгуудыг танилцуулсан. Үүнд Хятад-Германы их дээд сургуулийн барилгын төслүүд, Хятад-Германы нүүрсхүчлийн хий бага ялгаруулах эко хотын төсөл, үйл ажиллагааны тэг нүүрсхүчлийн хий ялгаруулалтын гэрчилгээ зэрэг орсон болно. Түүнчлэн 2023 онд ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан алба нь Гуандун-Хонконг-Макаог хамарсан Greater Bay бүсийн барилга, байгууламжийг тэг нүүрсхүчлийн хий ялгаруулалт бүхий, үр ашигтай, тэсвэртэй болгох шилжилтийг идэвхтэй дэмжиж, тус бүс нутгийн барилгын салбарт үе шаттай төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг чиглүүлэх зорилгоор Германы Эрчим хүчний агентлаг, Хятадын Барилгын судалгааны академитай (CABR) хамтарсан юм.
Германы Эрчим хүчний агентлаг нь хот, суурин газрын эрчим хүчний цогц шийдэл, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах барилга барих чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Уур амьсгал ба Цэвэр агаар эвслийн (CCAC) төлөөлөгч Натан Боргфорд-Парнелл чуулганы дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр метан хийн ялгаруулалтыг хянах туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцсан нь бусад хотуудын хувьд үнэлж баршгүй мэдлэг, мэдээлэл байв.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Уур амьсгал ба Цэвэр агаар эвслийн (CCAC) төлөөлөгч Натан Боргфорд-Парнелл
ИКЛЭЙ-н Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Жино Ван Бегин Бээжинд айлчлах хугацаандаа Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны олон улсын хамтын ажиллагааны төв, Экологи, байгаль орчны яамны олон нийтийн боловсролын төвтэй үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Олон улсын хамтын ажиллагааны төвийн орлогч захирал доктор Цю Айжюн Бүс ба Зам санаачилгыг хэрэгжүүлэх болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус төвийн гүйцэтгэх үүргийг танилцуулсан. Ноён Ван Бегин хотын тогтвортой өсөлтийг хамтдаа дэмжих зорилгоор НҮБ-ын хотын тогтвортой хөгжлийн хөтөлбөрт дэлхийн томоохон хотуудыг татан оролцуулах ИКЛЭЙ-н үүрэг амлалтыг илэрхийлэв. Мөн түүнчлэн Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази, Зүүн хойд Азид бүс нутгийн болон төслийн төлөөлөгчийн газар байгуулах төлөвлөгөөгөө хуваалцлаа. Энэхүү айлчлалын зорилго нь хотын тогтвортой байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах болон нөөцийн менежментийн чадавх бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах явдал байлаа.
ИКЛЭЙ болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны Олон улсын хамтын ажиллагааны төвтэй хийсэн уулзалт
Үүний дараа ноён Ван Бегин Экологи, байгаль орчны яамны Олон нийтийн боловсролын төвд зочлов. Төвийн захирал ноён Ян Шидон экологи хамгааллын боловсрол, чадавх бэхжүүлэх сургалтын чиглэлээр төвөөс хийж буй ажлыг танилцууллаа. Тус төв нь “Байгаль орчны өдөр” зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулахад, мөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал, Биологийн олон янз байдлын бага хурал зэрэг олон улсын арга хэмжээнд Хятадын оролцоог зохицуулахад идэвхтэй оролцдог болохыг тэрээр онцолсон.
Ноён Ван Бегин НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци, НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенци, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенци гэсэн НҮБ-ын гурван конвенцид ажиглагчийн статус бүхий орон нутгийн засаг захиргаадын сүлжээ болох ИКЛЭЙ байгууллагын үүргийг танилцуулав. ИКЛЭЙ нь дэлхийн хотуудыг эдгээр конвенцийн дагуу олон улсын яриа хэлэлцээрт оролцож, амжилттай туршлагуудаа хуваалцахад, мөн тэдгээр хотуудын хоорондын хамтын ажиллагаа, мэдлэг солилцоонд чиглэсэн экологийн боловсрол, олон нийтийн оролцоог идэвхтэй дэмжин ажилладаг болно. Энэхүү уулзалтаар дамжуулан ИКЛЭЙ болон БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны Олон нийтийн боловсролын төв нь хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтийн байгаль орчны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ногоон хотын хөгжлийг дэмжих, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг хамтдаа шийдвэрлэх зорилготой юм.