Монголыг танин мэдэх нь: Хот суурин газрын тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг сайжруулах ИКЛЭЙ-н зорилт

ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан албаны төлөөлөгчид 7-р сарын 28-наас 8-р сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэргийн Монголын гурван хотод айлчилж, тогтвортой хөдөө аж ахуй, гэр хорооллын дахин төлөвлөлт, тогтвортой тээврийн систем болон дулаан хангамжийн асуудлуудыг оролцуулан тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ. Энэхүү айлчлалынхаа хүрээнд ИКЛЭЙ-н төлөөлөгчид олон улсын түнш байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, мөн 6 дахь удаагийн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумд оролцлоо.

Жаргалант сум, Орхон аймаг, Монгол (Эх сурвалж: ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан алба)
Монголын хоёр дахь том хот болох Дархан хот тогтвортой шилжилтийн төлөө зорьж байна
Дархан хот бол Дархан-Уул аймгийн төв бөгөөд Улаанбаатарын дараа орох Монголын хоёр дахь том хот юм. 1960-аад оны сүүлээр аж үйлдвэр, хөдөө аж ахуйн томоохон төв болгон байгуулсан энэ хотыг Монголын хөгжлийн чухал бүс нутагт тооцдог.
Дархан хот нь ИКЛЭЙ сүлжээнд нэгдсэн шинэхэн гишүүдийн нэг юм. ИКЛЭЙ-н төлөөлөгчид 7-р сарын 29-нд Дархан хотод айлчилж, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлантай уулзав. Тус хот нь тогтвортой хөгжлийг нэн тэргүүний зорилт болгон тодорхойлж, тогтвортой хот болохыг эрмэлзэж байгаа юм. Дээрх айлчлалын үеэр ИКЛЭЙ-н төлөөлөгчид болон Дархан хотын удирдлагууд Дархан хотыг тогтвортой хөдөө аж ахуй, хотын шилжилтийн чиглэлээр дэлхийн загвар хот болгох зорилго бүхий ирээдүйн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. ИКЛЭЙ-н нэгдмэл цогц арга барил, баялаг туршлагаар дамжуулан үүнд хүрэхийг тэд эрхэмлэж байна. Түүнчлэн, ИКЛЭЙ-н төлөөлөгчид Дархан хотын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор гэр хороололтой биечлэн очиж танилцлаа.

ИКЛЭЙ-н төлөөлөгчид Дархан хотод гишүүнчлэлийн гэрчилгээ гардуулж байна

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан (баруун талд) ИКЛЭЙ-д өөрсдийн бэлэг тэмдгийг гардуулж байна.

ИКЛЭЙ Дархан-Уул аймгийн удирдлагуудад өөрсдийн ажлыг танилцуулж, хоёр тал ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэв.

ИКЛЭЙ-н төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайд зочиллоо.
Монголын уул уурхайн төв болсон Эрдэнэт хот ногоон хөгжлийн төлөвлөгөө боловсруулахаар зэхэж байна
Эрдэнэт хот бол Монголын гурав дахь том хот юм. Энэ хотод уул уурхайн салбар давамгай хөгжсөн бөгөөд хүн амын нягтаршлаараа улсдаа хамгийн дээгүүрт ордог. Тус хотын захиргаанаас тогтвортой хөгжлийн түвшингээ ахиулахад ихээхэн анхаарч ажиллаж байна.
ИКЛЭЙ-н төлөөлөгчид Монголд ирсэн эхний өдрөө Улсын Их Хурлын гишүүн Бат-Эрдэнэтэй уулзахад Эрдэнэтийг ирээдүйтэй, хөгжиж буй хот хэмээн тодорхойлсон боловч бохирдол, газар хөрсний доройтол, усны хомсдол, ногоон байгууламжийн дутагдалтай байдал зэрэг хэд хэдэн тулгамдсан асуудлыг онцлон тэмдэглэв. Тэрээр энэ асуудлуудыг шийдвэрлэхдээ байгальд түшиглэсэн шийдлүүдийг сонгон хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм.
Үүний дараагаар ИКЛЭЙ-н төлөөлөгчид Орхон аймгийн засаг дарга М.Түмэнжаргалтай богино хугацааны ногоон хөгжлийн төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Хотын захиргаанаас Эрдэнэт хотын бүс нутгийн онцлогийг тодорхойлж, дахин төлөвлөлтийн төслүүдийг нэн тэргүүний зорилт болгон тавилаа. Мөн Эрдэнэт хотыг энэ жилээс байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ухаалаг хөгжил дэвшил бүхий аж үйлдвэрийн бүс болгон хувиргахад чиглэсэн бүс нутгийн хөгжлийн бодлого боловсруулаад байна. ИКЛЭЙ-ийн зүгээс чадавх бэхжүүлэх болон байгаль орчин, байгальтай холбоотой асуудлуудыг харгалзан авч үзсэн суурь үнэлгээ бий болгох талаар санал зөвлөмж өгсөн юм.
Мөн түүнчлэн, ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан албаныхан хөдөө аж ахуйн баялаг түүхээрээ алдартай Орхон аймгийн Жаргалант сумын засаг захиргааны албаны төлөөлөгчидтэй тогтвортой хөгжлийн санаачлагуудын талаар ярилцан, санал солилцлоо.

ИКЛЭЙ-н төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн Бат-Эрдэнэтэй (зүүн талаас хоёр дахь) уулзав.

ИКЛЭЙ-н зүгээс Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргалд (баруун талд) гишүүнчлэлийн гэрчилгээ гардуулав.

ИКЛЭЙ болон Орхон аймаг, Эрдэнэт хотын албаны хүмүүс түншлэлийн талаар харилцан ярилцав.

ИКЛЭЙ-н төлөөлөгчид Жаргалант сумын засаг захиргааны байранд айлчилж, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийн талаар ярилцав.
Хамтын засаглал: Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум (NEAMF) нь хот суурин газар тулгамдаж буй асуудлуудад төр-хувийн хэвшлийн хамтарсан шийдлүүдийг дэмжинэ
ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан албаны төлөөлөгчид Улаанбаатар хотын урилгаар 6 дахь удаагийн Зүүн Хойд Азийн Хотын Дарга нарын форумд (NEAMF) оролцохоор боллоо. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь 2014 оноос хойш 10 жилийн турш ИКЛЭЙ-н гишүүнээр ажиллаж байгаа юм. Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотууд тус форумын платформоор дамжуулан хот төлөвлөлт, хот суурин газрын хүн амын өсөлт, хог хаягдлын менежмент, сайн засаглал зэрэг эрчимтэй хотжилтоос үүдэлтэй олон төрлийн бэрхшээл, сорилтуудыг шийдвэрлэх талаар санаа бодлоо хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тууштай ажиллаж байна.
Энэ жил Зүүн Хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил: Төр-Хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийг дэмжин, өргөжүүлэх сэдвийн доор 5 орны 10 хотын төлөөлөгчид оролцов. ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан албаны бүсийн захирал ноён Шү Жү “Орон нутгийн үйл ажиллагаагаар дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжих” сэдвээр илтгэл тавьлаа.
ИКЛЭЙ-н төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон Улаанбаатар хотын Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нартай тус тус уулзав. ИКЛЭЙ цаашид удаан хугацааны гишүүн хотоо дэмжин ажиллах бөгөөд харилцан туршлага солилцох, чадавх бэхжүүлэх, техникийн дэмжлэг үзүүлэх зэргээр хог хаягдлын менежмент, тогтвортой хөдөлгөөн, хот суурин газрын тэсвэрлэн сэргэх чадвар гэх мэт хот суурин газрын тогтвортой хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд Улаанбаатар хоттой хамтран ажиллах болно.

6 дахь удаагийн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумын гэрэл зураг

ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан албаны захирал, Хятад улсын төлөөлөгч Жү Шүгийн үндсэн илтгэл

ИКЛЭЙ-н төлөөлөгчид Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатартай уулзав

Нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяртай уулзлаа
Монгол дахь олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж хөгжлийн зорилтуудаа биелүүлэх нь
Энэ айлчлалын хүрээнд ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан албаны төлөөлөгчид НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр (НҮБ-Хабитат), Ханнс Зайделийн Сан, Даян дэлхийн Ногоон хөгжлийн институт (GGGI), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Европын Холбооны Төлөөлөгчийн газар (EUD) зэрэг нэр хүндтэй олон улсын байгууллагуудтай үр дүнтэй уулзалт хийлээ. Эдгээр бүх уулзалтын гол зорилго нь үер тэсвэрлэн сэргэх чадвар, халаалт дулааны асуудал, гэр хорооллын дахин төлөвлөлт, тогтвортой хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний шилжилт, орон нутгийн мэргэжилтнүүдийн сургалт зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах явдал байв. ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан алба нь эдгээр олон улсын байгууллагуудтай түншлэн, ажил хэргийн шугамаар харилцаа холбоо тогтоохыг зорьж байна. Ингэснээрээ, тэдгээр байгууллагуудын мэдлэг, туршлага дээр дөрөөлөн, харилцан ашигтай олон улсын түншлэл үүсгэж, Монголын хотуудыг тогтвортой, ногоон хөгжил рүү шилжихэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхийг ИКЛЭЙ зорьж байгаа юм.

ИКЛЭЙ-н төлөөлөгчид Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй (UNDP) хамтран ажиллах боломжуудын талаар харилцан санал солилцов

ИКЛЭЙ-н төлөөлөгчид болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр (НҮБ-Хабитат) хоорондын хамтын ажиллагааны солилцоо

ИКЛЭЙ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох уулзалт

ИКЛЭЙ болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI) хоорондын хамтын ажиллагааны солилцоо